Дэлхийд тэмүүлсэн монгол ухаан

2023-10-16 01:40
Дэлхийд тэмүүлсэн монгол ухаан

Urgana брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам бол Монголын уламжлалт анагаах ухааны 500 жилийн өв тээгч юм. Өдгөө 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус брэнд дотоодын зах зээл дэх байр сууриа хурдацтай тэлж байна. Мөн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстаны зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй тун удахгүй Европын хэрэглэгчдээр хүрээгээ тэлэх гэж байна.


Үе дамжсан үнэт жор

Urgana брэндийн үүсгэн байгуулагч, “Юргана индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам бол монгол уламжлалт анагаах ухааны 500 жилийн өв тээгч юм. Итгэмээргүй санагдаж болох ч энэ бол гайхалтай үнэн. Тэрбээр монгол анагаах ухааны “гал”-ыг бөхөөлгүй өнөө үед уламжлуулсан эрхэм багш нарынхаа талаар сонирхолтой түүхийг дэлгэсэн юм. 

Urgana бол багш, шавийн эрхэм барилдлагаар холбогдсон 10 үеийн оточ, маарамбуудын нууц жороор амилсан брэнд. Түүх Хубилай сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн шавь Жамъяан-Яндагаас эхэлнэ. Тэмээт уулын агуйн бясалгагч, анхны багш Жамъяан-Яндаг 1500-аад оны үед багш нарынхаа үг захиасаар эрдэм, чадлаа эх нутагтаа түгээн дэлгэрүүлэхээр одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт суурьшжээ. Чухам энэ хүнээс эхлэн эрдэм ухааны жүд дамжлагыг хүлээж авсан гэж Б.Чанцалдулам ярьж байлаа. 

Б.Чанцалдуламын аав бол есдүгээр үеийн өв тээгч П.Баатар. Түүнийг “Доктор Баатар” брэндийн үүсгэн байгуулагч, “Оточ Одь” ХХК-ийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор П.Баатар гэдгээр нь олон түмэн мэддэг. Мөн “Элэгний Баатар”, “Таван цулын Баатар”, “Дорноговийн Баатар” гэх нь ч бий. П.Баатар эмчийг уламжлалт анагаах ухаанд шимтүүлсэн хүн нь “оточ Одь” хэмээн олноо алдаршсан лам Дорж бөгөөд тэрбээр наймдугаар үеийн өв тээгч аж. Оточ Одь социализмын бэрх үед эрдэм, чадлаа шавь П.Баатартаа өвлүүлж үлдээхдээ монгол анагаах ухааны гайхамшгийг дэлхийд мэдрүүлэхийг чухалчлан захисан гэдэг. Энэ захиасыг биелүүлэх гэж хичээсний нэгээхэн илрэл нь Urgana гэж брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам хэлж байсан. 


Өдгөө тус брэндийн бүтээгдэхүүнүүд нь 80-100 хувь органик гэдгээрээ хэрэглэгчдийн танил болж, дотоодын зах зээлд орон зайгаа хурдтай тэлж байна.

Улаанбаатар хотоос гадна Дорнод, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгуудад албан ёсны борлуулагч, түншүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Харин тун удахгүй зах зээлд нэвтрэх Увсын Шүдэн уулын улаан давсаар хийсэн шүдний оогоо улс орон даяар нийлүүлэхээр төлөвлөж байна. Харьцангуй хямд үнээр хэрэглэгчдэд хүрэх энэ оо нь амны хөндийн бактер устгаж, өнгөр цэвэрлэхэд хамгийн үр дүнтэй гэсэн юм. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн учраас яг л хүүхэд шигээ нандигнан энэ оог бүтээснээ Б.Чанцалдулам онцолж байсан. 

Олон улсын харилцааны мэргэжилтэй, Америкт бизнесийн удирдлагаар суралцсан түүнийг хилийн чанадаас өндөр цалинтай ажилд урьсан ч Urgana брэндийнхээ үнэ цэнийг хэдийнэ мэдэрсэн учраас зуун дамжсан үнэт жороо орчин үеийн техник технологи, мэдлэг боловсролоор баяжуулан дэлхийд танигдах монгол брэнд хөгжүүлэх ажилдаа тэрбээр ханцуй шамлан оржээ. Одоогоор түүний компанид 70 орчим хүн ажиллаж, түүхий эд бэлтгэхээс эхлээд хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүхий л шат дамжлагад гар бие оролцож байна.


Уламжлалаас төрсөн “инновац”

Монгол уламжлалт анагаах ухаанаар бүтсэн бүтээгдэхүүн гэхээр хүмүүс эм тан, үрэл төсөөлдөг. Харин гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг уламжлалт анагаах ухаанд түшиглэн хөгжүүлж байгаа талаар тэр бүр мэддэггүй. Тэгвэл 2015 онд үс ургуулах үсний цацлага (мист) -аараа хэрэглэгчдэд танил болсон Urgana брэнд одоогоор гоо сайхан, ахуйн хэрэглээний 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оо, шингэн саван, аяга таваг угаагч, угаалгын шингэн, шал угаагч шингэн, гар ариутгагч гээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нь нэрлэвэл олон.

Б.Чанцалдулам анхны бүтээгдэхүүн болох үсний цацлагаа “Оточ Одь” эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хийхээр шийджээ. Хорт хавдрын өвчнөөр шаналж буй өвчтөнүүд өвчин нь илааршиж байсан ч үс нь ургахгүй бол бие нь дээрдэж байгааг төдийлөн анзаардаггүй байж. Харин биеийн байдал нь сайжраагүй ч үс нь бага зэрэг ургахад сэтгэл зүйгээрээ хүчирхэг болж байсан гэдэг. 2015 онд худалдаанд гарсан үсний цацлага нь сав баглаа тааруу ч асар олон хүнд хүрсэн нь түүнд гайхалтай мэдрэмж өгчээ. Мөн тэр үед хилийн чанадаас нэгэн эмэгтэй үсний цацлагыг нь байнга захиалж авдаг байж. Тэр эмэгтэй аавыгаа хорт хавдраар алдсан учраас хорт хавдартай хүүхдүүдэд үсээ хандивлахын тулд үсээ маш хурдан хугацаанд ургуулах шаардлагатай байгаагаа хэлжээ. Ийнхүү бүтээгдэхүүн нь маш эрэлттэй бас үнэ цэнтэй байгааг анзаарсан тэрбээр Urgana брэндээ улам хөгжүүлэх шаардлагатай гэдгээ ухаарсан гэдэг. Өдгөө Urgana брэндийн үсний цацлагыг 100 мянган хүн хэрэглэсэн гэсэн тоо судалгаа ч байна. 

Urgana брэндийн өөр нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол шүдний оо. Дэлхийд анх удаа аарцтай оо хийсэн нь Urgana-чуудын хамгийн том бахархал. Ихэнх оо үйлдвэрлэгчид кальцийг шохойн чулуунаас мөнгөн усаар гарган авах нь түгээмэл. Харин Urgana археологийн олдворт судалгаа хийсний үндсэн дээр аарцтай шүдний оо бүтээжээ. 

Монгол хаад, хатад эрүүл бөгөөд орчин үеийн хүмүүсээс илүү олон тооны шүдтэй байж. Хатуу ааруул, исгэлэн аарц нь шүдний хамгийн сайн хамгаалагч болох шүлсний ялгарлыг дэмждэг. 100 гр аарцанд 124 мг амьд кальци агуулагддаг гэх сонирхолтой үр дүнг ч тэд гаргаж ирсэн байна. Энэ утгаараа аарцтай шүдний оо нь маш инновацлаг бүтээгдэхүүн болжээ. Мөн хеликобактерийн өсөлт, хуваагдлыг дарангуйлдаг гол зүйл болох давирхайгаар ч шүдний оо хийсэн байна. 

Эрдэмтэд дангаар зүтгээд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлэх хүндрэлтэй учраас Urgana судалгаа, шинжилгээний байгууллагуудтай санамж бичиг байгуулж, хамтран ажилладаг байна. Тухайлбал, дээр дурдсан хар модны давирхайтай оог гаргахдаа ХААИС-ийн эрдэмтдийн багтай хамтран ажиллажээ. Эрдэмтдээс гадна орон нутгийнхантай ч нягт хамтран ажилладгаа Б.Чанцалдулам хэлж байсан. Давирхайг ойн нөхөрлөлүүд, аарцыг хоршооллууд бэлтгэдэг бол ооны найрлагад ордог циолитыг Дорноговь аймгаас авчирдаг аж. Шүдний оо бүтээж, түүнийгээ хөгжүүлэхэд 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн гээд та төсөөлөөд үз дээ. Магадгүй гадаадынх л илүү супер гэж боддог бол энэ сэтгэлгээнээсээ татгалзах хэрэгтэйг та ойлгож болох юм. Эх оронч сонголт бол инновацыг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгаа тэлэх иргэн таны хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг Б.Чанцалдулам онцолж байсан.

Шүдний ооноос гадна аяга таваг угаагч шингэнд ч хориотой бодисууд түгээмэл бий. Энэ нь хорт хавдрын өвчлөлийн нэгээхэн шалтгаан болж байна. Тиймээс “Urgana” брэнд хужиртай аяга таваг угаагч зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцжээ. 

Мөн Urgana -гийн гол бүтээгдэхүүн болох шампунийг хэрэглэсэн хэрэглэгчид анхандаа үс ширүүн болж байна гэсэн сэтгэгдэл хэлэх нь цөөнгүй байжээ. Үс хатуурч байгаа мэдрэмж төрүүлэх нь ч аргагүй гэдгийг эхэндээ тэд хүлээн зөвшөөрч байлаа. Учир нь дийлэнх шампунь силикон агуулдаг. Силикон нь тухайн үедээ үс зөөлрүүлж буй мэдрэмж өгөх ч урт хугацаандаа үсэнд гэмтэл учруулах найрлага учраас Urgana брэнд анхнаасаа л силикон ашиглахаас эрс татгалзжээ. Ингээд хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдэлд түшиглэн силикон орлуулагчийг илүү органик байдлаар шийдсэн нь маш инновацлаг зүйл болсон байна. 

Түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог гар, хөл, амны өвчнийг үүсгэгч нь гутлын улаар дамждаг. Гэтэл дийлэнх цэцэрлэг хувцас угаалгын нунтгаар шалаа угаачихдаг нь нууц биш. Хэрэв бактер устатгагчтай зориулалтын шал угаагч шингэнээр шалаа угаавал хүүхдийн өвчлөл ч буурах нь дамжиггүй.  

Б.Чанцалдулам “Гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг эрүүл мэндээс хол гэж боддог ч энэ нь хамгийн ойрын аюул байдаг. Тиймээс олон улсын жишгээр Косметикийн тухай хуультай болох шаардлагатай” гэж ярилцлагын үеэр тодотгон хэлсэн нь анхаарал татсан юм. 

Дэлхийн зах зээлд маш олон тоглогч, үйлдвэрлэгч бий. Тэдний зарим нь органик байдлыг төдийлөн чухалчилдаггүй. Тийм ч учраас тэд хууль, хяналтгүй орнуудыг онилчихсон байдаг гэж Б.Чанцалдулам ярьж байлаа. “Маш олон орон Косметикийн тухай хуультай. Харин манай улс ямар орц найрлагатай бүтээгдэхүүн оруулж ирж байгаагаа ойшоодоггүй. Бид Европын орнууд руу экспорт хийхийн тулд бүтээгдэхүүнийхээ орц, найрлага тус бүрээр нь тайлагнаж байхад Монголд ийм босго алга. Мөнгөн усны агуулгатай, хямд оог өндөр хөгжилтэй орнууд зах зээлээсээ хэдийнэ шахчихаад байхад манай улсад захын дэлгүүрт ороход л тэр оо нь байна. Улс нь хуульгүй юм аа гэхэд дистрибьютор компаниуд ёс зүйтэй байх хэрэгтэй” гэж Б.Чанцалдулам хэлж байсан юм. 


Ургадаг баялаг

Сонирхолтой жишээ дурдъя. Нэг тонн нүүрс ойролцоогоор 160 ам.доллар. Харин нэг кг чихэр өвс 30 ам.доллар. Нэг тонн нүүрс олборлоход есөн куб метр газар ухдаг бол чихэр өвс элсний нүүдлийг тогтоон барьдаг. Эдийн засгаа ногооноор солонгоруулах боломж байсаар атал хүрэн эдийн засагтаа бид хэт автчихаад байгаа нь ургадаг баялгийнхаа үнэ цэнийг мэдэхгүй байгаатай холбоотой.  

Urgana брэндийн хувьд, түүхий эддээ онцгой анхаарч, Төв аймгийн Баянчандмань суман дахь эмийн ургамлын 37 га талбайдаа 50 гаруй зүйлийн эмийн ургамлыг тарималжуулсан байна. Үүний зэрэгцээ Монгол орны шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг ургамлуудыг ч технологийн дагуу түүж бэлтгэн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.  

“Анх намайг халгай тарихад хүмүүс их гайхдаг байсан. Хаа сайгүй хог шиг ургаж байгаа зүйлийг тарьж яах нь вэ гэдэг байлаа. Гэвч хаа сайгүй ургаж байгаа халгай маш бохирдолтой. Ер нь ямар ч эмийн ургамлыг цэвэр орчинд тарих нь чухал” гэж Б.Чанцалдулам хэлж байсан юм. Өдгөө тус компанийн эмийн ургамлын талбайд мана, монгол хунчир, хар манжин, ацан цахилдаг гээд олон зүйлийн “шидэт” ургамал ургаж байна. 

Мөн түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг ч Urganа брэндийн хамт олон өөрсдөө хийдэг байна. Хужрыг л гэхэд хорыг нь тайлж, номхотгоно. Ургамлын хүч чадал яг л эмнэг адуу шиг учраас хүч чадлыг нь тохиромжтой хэмжээнд тааруулан ашиглахад үе дамжсан эрдэм мэдлэг нь хамгийн их тус болдог байна.  

“Эмийн ургамал бол монголчуудын дэлхийд өрсөлдөх том “хүч”. Гэвч энэ баялгийнхаа үнэ цэнийг ард иргэд, бодлого тодорхойлогчид ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Эмийн ургамлыг хайр найргүй, үндсээр нь тасалснаас ганга өвсний нөөц эрс буурч байна. Цагаан уул цэцэг л гэхэд туйлын ховордож, мөхлийн ирмэгт иржээ. 

Одоогоор манай улсад 20 гаруй компани эмийн ургамлыг тариалж байгаа ч тэдэнд ямар ч дэмжлэг байдаггүй аж. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд жилийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг жимс, ногооны аж ахуй эрхлэгчдэд олгож байгаа ч эмийн ургамал тариалагчид энэ дэмжлэгийн гадна үлджээ. Тиймээс байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг нь бодож эмийн ургамлыг тарималжуулахад онцгой анхаарах цаг нь болсныг Б.Чанцалдулам онцолж байлаа. 


Дэлхийд тэмүүлэх Urgana

Urgana монгол уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах зорилготой. Тэд 2019 оноос Хятад, Казахстаны зах зээлд шүдний оогоороо нэвтэрсэн бол тун удахгүй Европын хэрэглэгчдэд “ид шид”-ээ гайхуулах гэж байна. Саяхан Urgana брэндийн хамт олон Европын холбооны улсууд руу арьс, үс арчилгааны хэд хэдэн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр түүхий эдийн шинжилгээнд орж, эрхээ авчээ. Бас нэгэн таатай мэдээ нь Urgana брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүн Африк гаралтай үсний асуудлыг ч шийдэж чадаж байгаа аж. Мөн Африкийн зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг ч гаднын хэрэглэгч нь санал болгожээ.

Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд хүргэхдээ монгол уламжлалт гоо сайхны талаар тунхаглаж зарламаар санагддаг гэж Б.Чанцалдулам хэлж байсан. Учир нь Хятад, Солонгос, Япон, Төвөд, Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан дэлхийд алдаршиж, уламжлалд түшиглэн хөгжсөн брэндүүд нь олон улсад танил болсон байхад манайх дөнгөж эхлэл дээрээ байна гэж тэрбээр тайлбарласан юм. 

Монголын уламжлалт анагаах ухаан нь дөрвөн улирал, таван махбодод түшиглэн хөгжсөн бөгөөд ургамал эрс тэс уур амьсгалд тэсэж үлдэхийн тулд асар их антиоксидант ялгаруулдаг. Энэ хэрээр чадал нь ч сайн байдаг аж. Дэлхийд өрсөлдөх түүхий эд, баялаг манай улсад хангалттай байгаагийн зэрэгцээ судлаачаа хүлээж буй сэдвүүд ч энэ талбарт олон байна. 

Мөн Urgana дэлхийд тэмүүлэхдээ “ногоон” байх зарчмыг ч мартаагүй. Urgana брэнд бүтээгдэхүүнийхээ сав баглааг улаан буудайн сүрлээр хийдэг байна. Энэ төрлийн сав баглаа нь хөрсний чийгтэй нэгдмэгцээ 2.5 жилийн дотор бүрэн задардаг. Хог хаягдал дэлхий нийтийн толгойн өвчин болж буй энэ үед үйлдвэрлэгчид илүү ногоон болж байж зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах боломж нь илүү нээлттэй болж байгааг Б.Чанцалдулам тодотгож байсан юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл