Б.ЧАНЦАЛДУЛАМ: ЭМИЙН УРГАМЛУУДАА ТАРИАЛЖ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ИХ БИЙ

2022-11-03 07:47
Б.ЧАНЦАЛДУЛАМ: ЭМИЙН УРГАМЛУУДАА ТАРИАЛЖ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ИХ БИЙ

БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг энэ удаа “Одь Тан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдуламтай ярилцлаа. “Одь тан” компани Норов-7, мана-4 зэрэг уламжлалт анагаах ухааны эм, тан, гоо сайхан эрүү ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ борлуулахаас гадан Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орнууд экспортолж байна. Бүтээгдэхүүний найрлагат ордог ургамлуудаа өөрсдөө тариалдгаараа ч онцлогтой компани.

Ковид-19 халдварын эмчилгээнд ордог Норов-7, мана-4 тангуудад ордог ургамлыг та бүхэн өөрсдөө тариалж, үйлдвэрлэдэг юм байна. Ямар найрлагаар, яаж бүтдэг вэ?

Манайх Норов-7, мана-4 тангуудад ордог бүх ургамлаа тарьдаг. Энэ хоёр танд орсон бүх ургамал үндэс. Газрын доод хэсгийн ургамал учраас байгалиас түүхээр байгалийн ургамлын генетик нөөц сүйрэх аюултай. Тиймээс бид өөрсдийн хийж байгаа тангуудын бүх орц ургамлуудыг тарималжуулдаг. Машин, мотоцикл яваагүй газар, орчинд таримал бол илүү органик байдаг.  Бид уулын амыг тэр чигт нь аваад мана гэдэг ургамлыг Монголд анх удаа тарималжуулсан.  Мана-4 гэдэг нь дан ганц ханиад, томууны эмчилгээ гэлтгүй хүний дархлааны цагаан эсийг сэргээж өгдөг. Монголчууд дээр үеэс манийн уудаг мана-4 гэж сүү, хужиртай хольж, цайчилж уудаг байсан. Норов-7 бол цус шингэлэх үйлчилгээтэй, залуужуулах давуу талтай. Бактерийн гаралтай, вирусийн гаралтай ханиад томууг дарах үйлчилгээтэй. Жишээлбэл, бактерын гаралтай эсвэл вирусын гаралтай ямар нэгэн биет хүний биед ороод ирэхэд эсэргүүцэхийн тулд цагаан эс өөрийгөө идэвхжүүлдэг. Тэр үйл ажиллагаанд нь мана-4 маш сайн үйлчилгээтэй.

Уухад их гашуун байдаг. Түүнээс болж хүмүүс уухаас татгалздаг байх. Гашуун амтыг нь дарах боломжгүй юу?

Уламжлалт анагаах ухаан бол амтаар, эрдмээр, чадлаар гэсэн гурван зүйлээр эмчилдэг. Гашуун амт нь давхар эмчилгээ болж байдаг. Уухад гашуун байгаа боловч шингээлтийн төгсгөлд гарахдаа чихэрлэг амттай гардаг. Бид зөгийн балтай ч юм уу, уухад амар хялбар болгож болох ч, чадлыг нь бууруулаад байгаа болохоор өөрийнх амтыг хадгалдаг.

Ковидоос хойш уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүнд хандах хандлага арай өөрчлөгдөж байх шиг байна. Мөн хүн бүр л дархлаагаа сайн дэмжих,өвдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой ковидын үед илүү сайн ойлгож байх шиг байна?

Ковид эхэлснээс хойш уламжлалт анагаах ухааныг сонирхох, ургамлын гаралтай зүйлийг эмчилгээний эрэлт эрч нэмэгдсэн. Манай уламжлалтын танг эмийн сангууд хүртэл тоодоггүй байсан. Бид “Ханиаданд Лидэр-7, чацаргана-5, мана-4, норов-7, агар-35 гээд тангуудыг хүмүүст бичиж өгөөч. Вирусийн гаралтай ханиад, томуунд битгий антибиотик бичиж өгөөч” гээд эмийн сангуудад санал тавьдаг байсан. Хүлээж авах нь бага байсан. Одоо бол эмийн сангууд өөрсдөө “Ханиад, томуунд яах вэ, ямар эмчилгээ байна. Ковидын үед уушгинд урхаг үлдээд байгаа. Яаж уушгиа эрүүлжүүлэх вэ. Арбидол уугаад элэг өөрчлөлт ороод байгаа үед яаж элгээ хамгаалах вэ” гээд хүмүүс өөрсдөө санал тавиад ирж байгаа.  Мөн гаднын хэд хэдэн орнууд манай бүтээгдэхүүнийг сонирхож, бидэнд хамтран ажиллах санал тавьж байна. Хамтарсан компани байгуулъя, хамтарсан судалгаа, шинжилгээний институт байгуулъя гэж холбогдсон. Бид хамтраад эхэлсэн.  Норов-7, Мана-4 ийг арай өөр хэлбэрээр гаргая гэж санал тавьсан. Бүтээгдэхүүний дээжүүдээ маань Солонгос, Япон, европын хэд хэдэн орнууд руу явуулчихсан. Манайх гурван жилээр тариалсан эмийн ургамлаа нөөцөлдөг. Энэ жил талбай дээр байгаа бүх түүхий эдээ хурааж аваад, эм тан болголоо. Элэгний цайгаа арай их хэмжээтэй гаргалаа. Уушги цэвэрлэх цайнд ордог урал чихэр өвсийг их хэмжээтэй тарилаа.

Экспортод ямар ямар бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

Манайх эм тан, бүтээгдэхүүнээ экспортод гаргаад дөрвөн жил болж байна. Гэхдээ багаар гаргадаг л даа. Эм, анагаахын бүтээгдэхүүн учраас судалгаа шинжилгээгээ удаан хийж, экспортод гаргаж байгаа орондоо хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй болно. Жишээ нь бид Япон, Солонгосын компаниудтай сүүлийн гурван жил хамтран ажиллаж, бүтээгдэхүүний дээж явуулж судлуулах, бүтээгдэхүүнээ бага багаар явуулж экспод оролцсож ирсэн.  Одоо халгайн ишээр хийсэн улавчаа ихээр гаргаж байна. Япончууд маш дуртай авч байгаа. Халгай алимнаас 1000 дахин их С витаминтай. Бид халгайн навчийг дархлаа дэмжих цайндаа ашиглаад, ишээр нь улавч хийж Япон руу экспортолж байна.  Судалгааны ажлуудаа тууштай сайн хийсэн болохоор манай бүтээгдэхүүн, тармилжуулсан ургамлыг авъя гэсэн орнуудын тоо нэмэгдэж байна. Бид бүгдийг өөрсдөө хийж амжихгүй учраас Ойн нөхөрлөлүүдтэй хамтарч, тариалсан ургамлууд авч байгаа. Жишээ нь Монгол халгай, ганга, чихэр өвсийг айл болгон хашаандаа тариад, түүнийг нь кластар байдлаар нэгтгэн хурааж, бүтээгдэхүүн хийгээд экспортод гаргах боломжтой. Айл болгон орлоготой болно. Сэлэнгэ аймагт гишүүгэнээр чанамал хийж борлуулдаг өрх чанамалдаа хэрэглэхгүй гишүүгэнийхээ үндсийг нь бидэнд нийлүүлсээр бизнес нь бага багаар өсөөд л байгаа жишээ бий.

Монгол оронд ургадаг ургамлууд цаг агаар, улирал, уур амьсгалаас шалтгаалаад эмийн бүтээгдэхүүн хийхэд илүү сайн үйлчилгээтэй байдаг гэж бидэнтэй хамтардаг улсуудын судалгааныхан хэлдэг. Хамгийн гол эдгээр ургамлуудаа байгалиас түүхээс илүү тариалж авах нь зөв. Байгалиас түүхээр болбол үндсээр нь сугалж авалгүй,зөв түүх хэрэгтэй. Үндсээр нь сугалаад байвал тухайн ургамал ховордож, генетик нөөцгүй болно гэдгийг хүмүүст сайн хэлмээр байдаг.

Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

Манайд 400 гаруй төрлийн ургамлын гаралтай, эрдсийн гаралтай, амьтны гаралтай түүхий эд байгаа. Манай аавын багш Одь гэж хүн бурхан болохоосоо өмнө хэлсэн юм билээ. “Чи одоо энэ орчин үеийн нөхцөлд эм барих гэж яарах шаардлагагүй. Яагаад гэвэл бүх зүйл хордчихсон байгаа учраас энэ гурван хорыг л тайлах хэрэгтэй. Нэгдүгээрт, агаар мандал, амьдарч байгаа орчин нь найрсан хор. Хүний сэтгэлээс үүдэлтэй өвчин нь урвасан хор. Идэж ууж байгаа хоол унд нь үл зохилдох хор. Энэ гурван хорыг тайлах эм, цай ч юм уу, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн чухал. Тэр нь байвал хүмүүс өөрөө бие махбод нь эргээд сэргэнэ. Энэ гурван хорноос үүдэлтэй өвчнүүд их дэлгэрнэ” гэж хэлсэн байдаг юм байна лээ. Тийм болохоор бид уушги цэвэрлэх цай, элэг цэвэрлэх цай гэх мэт илүү хор тайлах эм, тан, цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийж байгаа.  Манай хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бол элэг цэвэрлэх ээзгийний бэлдмэл. Хүмүүс кофе найруулж уухын оронд элгээ цэвэрлээд ээзгийний шүүс уух хэрэгтэй.  Одоо манайд 100 гаруй төрлийн уламжлалт эм тан, 20 орчим төрлийн цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 20 орчим төрлийн гоо сайхан, ариутгал халдваргүйжүүлэлтийнбүтээгдэхүүн бий. Манай шинэ бүтээгдэхүүн гэвэл үс ургуулах шампунь, хужраар хийсэн аяга угаагч шингэн зэрэг бүтээгдэхүүнүүд бий. Хужиртай аяга угаагч жишээ нь хүний биед ямар ч хор үлдээхгүй. Дээр үеэсээ л Монголчууд модон тагш дээрээ чимх хужир хийгээд, усаар зайлаад угаадаг байсан. Хужир нь байгалийн гадаргуу идэвхт цэвэрлэгээний бодис.

Ийм төрлийн олон тан, бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл гаргадаг болсон байна. Аавынх нь үүсгэн байгуулсан компанийг өвлөж аваад явж байгаа гэж ойлгосон. Хэзээнээс уламжлалт анагаах ухааны эм, тан үйлдвэрлэдэг болсон бэ?

Аав минь тамирчин байх үедээ толгой дээрээ штанг унагаад, их олон жил нойргүй, зүрх муутай болсон. Тухайн үед бүх л эмнэлэг, социалист орнуудаар яваад эмчилгээгүй гэдэг байсан юм билээ. Тэгсэн Дорноговь аймгийн дэлгэрэх суманд Одь гэдэг алдартай, маарамба хүн дээр зорьж очиж үзүүлж. Цаасанд боосон гурван тун эм өгсөн гэсэн. Түүнийг нь уугаад л сайн унтдаг болж, өвчин нь ч зүгээр болсон.. Түүнээс хойш манай аав бүх ажил амьдралаа хаяад, багшийнхаа дэргэд гэр бариад 16 жил дагаж практикт суралцаж,эмийн ургамал яаж түүх, судас хэрхэн барих гэх мэт эрдэмд суралцсан байдаг. Анх 2002 онд Дорноговь аймагт 60 ортой “Оточ Одь” гээд эмнэлэг байгуулж байсан. 2015 онд би “Одь Тан” гэдэг нэртэй компани байгуулж, бүтээгдэхүүн хөгжүүлж, судалгаа хийж, олон улсын стандарттай гоо сайхны үйлдвэр ашиглалтад орууллаа. Уламжлалт анагаах ухааны эмч нар эмнийхээ хэлбэр дүрсийг өөрчлөх, шинэ зүйл гаргах сонирхолгүй байдаг. Сурталчилгаа хийх ч дургүй. Үр дүн гаргах нь чухал гээд. Бид харин орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулж, ном жор, эрдэм чадлыг нь арилгахгүйгээр, хэрэглэхэд илүү хялбар болгох зэргээр хөгжүүлж байна. Хүмүүс уламжлалт эмний гам барьдагт нь дургүй, гашуун амтанд нь дургүй гэх сөрөг сэтгэгдлүүд байдаг учраас хүмүүст илүү хэрэгцээтэй, илүү амархнаар хэрэглэх боломжуудыг нэвтрүүлж байна. Ванн-д хэвтэх байдлаар арьсаараа хүртэж авах зэргээр. Тийм боломжийг бүрдүүлье гээд “Доктор баатар” брэндийг үүсгэн байгуулсан.


Эх сурвалж www.urug.mn


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл