П.БААТАР: ЗӨВ ХООЛЛОВОЛ МОНГОЛЧУУД УРТ НАСАЛНА

2022-11-03 07:33
П.БААТАР: ЗӨВ ХООЛЛОВОЛ МОНГОЛЧУУД УРТ НАСАЛНА

Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Хүний гавьяат эмч П.Баатартай монголчуудын хоол хүнс, түүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар ярилцлаа.


-Ярилцлагаа хүн өдөрт хэдэн удаа хооллох талаар эхлүүлэх үү. Бид хоол ундаа хэрхэн тааруулах ёстой вэ?

-Эрт дээр үеэс монголчууд бид улиралдаа тааруулж өдөрт 6 цагаар хооллож иржээ. Цаг жамгүйгээр идэж, уух нь ходоод дотрын өвчинг хурдан үүсгэдэг талтай. Иймээс өглөө 7-9 цагт, өдөр 11-12 цагт, орой 17-18 цагт гурван удаа хооллож ирсэн талаар ном сударт бичсэн байдаг. Идээ ундааг зөвхөн цаг төдийгүй эртний сударт 6 улиралд хувааж зохицуулж ирсэн уламжлалтай. Үүнийгээ бид мартчихсан учраас л улирал харгалзахгүй хамаагүй зүйл төрөл бүрийн өвчин эмгэг тусаад байгаа юм. Бас нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол насандаа тохируулж хоол хүнсээ хэрэглэж ирсэн. 


-Тэгвэл улирлаар хэрхэн хоол ундыг зохицуулж хэрэглэдэг байсан юм бэ?

-Монголчууд өнөөдөр хэтэрхий богино насалж байна. Уг нь зөв хооллолт, цаг хугацааг баримталж хоолловол урт наслах боломж бий. 

Өвлийн эхэнд болон адагт хүйтний нөлөөгөөр шар үсний сүв хаагдаж галын илч дотор төвлөрдөг. Тиймээс хоол шингээлт төдийгүй хоолны дуршил ч сайн байдаг тул биеийг төлжүүлэх амтлаг, исгэлэн, давслаг амттай голдуу хоол иднэ. Өвлийн шөнө урт тул хүний тамир буурахаас сэргийлж мах, махны шөл, тослог идээ тустай. Хаврын цагт хүч тамир буурдаг. Учир нь, өвлийн цагт хураасан бадган хүйтэн хаврын нарны гэрэлд хайлсанаар бадгана арвидах учраас гашуун, гошуун, эхүүн амттай идээ ундаа хэрэглэдэг. Энэ үед хуучин хуурай газрын амьтны мах, арвай, бал, буцалсан ус, бор гааны тан зэргийг хэрэглэвэл тустай. Дэгжирлийн улирал буюу зун биеийн хүч тамир багасдаг учраас шингээлт сайтай идээ ундааг голдуу хэрэглэдэг. Энэ үед исгэлэн амттай халуун хурц чанартай идээ ундааг хэтрүүлж болдоггүй. Зуны халуунд шар усны сүв нээгдэж хөлс их гаран тамир багасдаг учраас төлжүүлэх идээ, ундааг идэж уувал сайн. Харин намар нь хавар болон зуны дулаан цагт хураасан шар нарны хурц гэрлийн нөлөөгөөр хөдөлдөг. Тиймээс исгэлэн болон халуун чанартай хоол хүнсийг хэрэглэж болохгүй. Ингэж улиралдаа тааруулж хооллохдоо шингээгээгүй байхад дээрээс нэмж бүү хооллоорой.


-Хоолыг хэт цадталаа идэж болохгүй гэсэн үг үү?

-Хүний ходоодыг 4 хувь гэж үзвэл хоёр хувь нь идээ, нэг хувь нь унд, нэг хувь нь хийн буюу хоолыг шингээх хоосон орон зай байх ёстой. Хэтрүүлж идээд байвал өвчин бүгдийн эхлэл болох эс шингэсний өвчин бий болно. Үүний нөлөөгөөр үр архагийн олон өвчин бий болдог. Тухайлбал, нойр булчирхайг гэмтээж чихрийн шижин өвчин амархан үүсэх талтай. Хуучин цагт цадталаа хооллодог хүн байсангүй. Үүнийг дагаад чихрийн шижин өвчин гэж байсангүй. Гэтэл одоо энэ өвчин ихэсчихсэн нь хоол ундаа тохируулаагүйтэй шууд холбоотой. Дээрээс нь хоорондоо харшилдсан хоол идэх, хөдөлгөөн дутагдах зэрэг нөлөөлж байна. Хэт идэхээс гадна өлөн явж байгаад гэнэт идвэл хий, шар бадганы 5 махбодийн эрдэм хоорондоо зөрчилддөг.


-Сүүлийн үед монголчууд хоолны соёлгүй, ерөөсөө мах л хэрэглэж ирсэн ард түмэн гэж ярьдаг хүн цөөнгүй болсон. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Ингэж ярьж байгаа хүмүүсийг сонсоод харамсдаг. Хүнсний ногоог Хүннүгийн үеэс хэрэглэж байсан баримт бий. Монголчууд бидний хоолны соёл хэдэн мянган жилийн настай. Гурил, будааг гэхэд орлуулан мойл, мэхээр, цагаан төмс, ямаахай сүүнд чанаж орлуулан хэрэглэж ирсэн. Өрөм, шар тостой хольж мойл мэхээртэй цагаан тос, ааруул, сүү, цагаан идээг бэлтгэж өвөл, хаврын хатуу улирлыг өвчин эмгэггүй давдаг байжээ. Тухайлбал, Хубилай цэцэн хааны дэргэдэх Хөсүхүй гэдэг хүн 500 гаруй эрүүл хоолны жор бичиж үлдээжээ. 

Энэ жорууд үнэхээр гайхалтай. Мах, ногоо, жимс тус бүрээр нь нарийвчилж юунд сайныг нь тайлбарлаад сөрөг нөлөөг нь дурдсан байгаа юм. 800 жилийн өмнө л юу хүний биед сайн гэдгийг судалж шинжлээд бичээд үлдээсэн байгаа биз. Тэгэхээр бид яавч хоолны соёлгүй ард түмэн биш. Энэ судраас нэг жороос хаврын цагт хүний биеийн дархлааг дэмжих нэг хоолыг танай уншигчдад хүргэе. Эхний хоол нь борви ясны шөл.

Энэ бол Хубилай хааны анагаах жорын нэг. Шөлийг бэлтгэхийн тулд 30-40 ширхэг ясыг дэвтээж усанд хийж ширмэн тогоонд буцалгадаг. Дараа нь шаарыг шүүж тос өөхийг нь царцаан аваад дуртай үедээ хэрэглэж болно. Борви ясны шөлийг тамир доройтож, турж эцэх, бөөрний тамир алдагдах үед уувал хурдан засч эдгээх шидтэй. Бас эмэгтэй хүний сарын хирийг тэнцэтгэдэг. Мөн арвайн шөл гэж бий. Энэ шөл савыг бүлээсгэн хийг тэнцвэржүүлж, ходоод дэлүүг сайжруулж, хэвлийн хөөж цанхайхыг арилгадаг. Энэ шөлийг хийхийн тулд хонины махны нэг мөчийг салган хэрчиж дээр нь 5 бүхэл арвайн цагааныг буцалгасан усаар цэвэрлэж чанадаг. Ийнхүү буцалгасны дараа шөлөө шүүж гарган арвайн гурилаа нэмж буцалгана.


-Сүүлийн үед мацаг барина гэж их ярих боллоо. Мацаг барихын ач тусыг манай уншигчдад тайлбарлана уу?

-Бид эртнээс мацаг барьж ирсэн ард түмэн. Тэр байтугай социализмын үед хүртэл баасан гараг бүр цагаан хоол иддэг байв.Одоо л мартчихсан болохоос. Мацаг барих нь эрүүлжүүлэх өндөр ач тустай. Мацаг барихаас гадна бага зэрэг өлөн явбал өвчинг эсэргүүцэх чадвар дээшлээд зогсохгүй насаа 20-30 хувиар ч уртасгах боломжтой. Энэ бол өлсөөд бай гэсэн үг юм шүү. 

Манайхан дунд цагаан, ногоон хоолтой гэж хэт туйлширснаас болж бие нь шим тэжээлийн дутагдалд орж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Эсвэл бие эрхтэн нь суларч муудсан хүмүүс над дээр ирдэг. Ерөөсөө хүн бүхэн нэг хэвд цутгасан мэт бие махбодьтой биш учраас нэг хүнд мацаг таарна, нөгөө хүнд зохихгүйг ойлгох нь чухал. 


-Эртнээс монголчууд ямар хоол хүнсээр дархлаагаа сайжруулж ирсэн бэ?

-Эрт дээр үед дархлааны эм, тариа гэж байсангүй. Хоол хүнсээрээ л дархлаагаа сайжруулж ирсэн ард түмэн шүү дээ. “Монголын нууц товчоо”-нд гэхэд Өүлэн эх зэрлэг жимс, халгай, таана, гогод, мангир түүж сөдөн гичгэний үндэс малтан өнчин хүүхдүүдээ өсгөсөн талаар бичсэн байдаг. Гогод, мангир бол сонгины төрлийн олон наст ургамал учраас хоолыг шингээж хорыг тайлах эрдэмтэй. Сонгино өөрөө элдэв нян вирусийг дардаг учраас халдварт өвчин тусдаггүй байж. Бас зуны цагт монголчууд улаалзгана, мойл зэрэг зэрлэг жимс идэж дархлаагаа сайжруулдаг байсан. Монгол орны зэрлэг ургамалд хүний биед үл орлогдох амин хүчил, тэжээллэг чанар байсан нь одоо ч судлагдсаар байна. Одоо юм л бол ийм витамин уу, сайн гэж ярих болж. Үүнийг би хүлээн зөвшөөрдөггүй. Үүний оронд дархлаагаа сайжруулах уламжлалт олон арга бий шүү дээ. Үүнийгээ марталгүй сэргээж ахуйдаа хэрэглэж сурах нь чухал. Тухайлбал, тойгны шөл ууж болно.


-Махыг орчин үед хэт их хэрэглэж байна. Гэтэл өмнөх шигээ хөдөлгөөн хийх нь эрс багассан. Иймээс махыг хэрхэн зөв хэрэглэх ёстой вэ?

-Би махыг аль болох бага хэрэглэхийг зөвлөнө. Бага идэхээс гадна ямар улиралд юуны мах идэх нь бас л чухал асуудал. Хэрэв өвлийн идэшээ гаргачихаад халуун дээр нь үхрийн мах идвэл өвчин бүхнийг хөөргөж хөдөлгөх гэмтэй. Тиймээс үхрийн мах удах тусам эм, хонины мах удах тусам хор болно гэж ярьдаг. Сүүлийн үед хүмүүс яргуй идсэн ямааны мах идэх сайн гэж ярих болсон. Энэ бас л буруу ойлголт. Харин борцлоод хоолондоо хийвэл илүү тустай байдаг.

Адууны махны тухайд гэхэд монголчууд идэр есийн хүйтэнд л иддэг. Энэ нь халуун чанартай нь холбоотой. Харин тэмээний мах иддэггүй нь сэрүүн чанартайд байгаа юм. Хэрэв мах сайн гээд өвөл, зунгүй идээд байвал цөсний чулуутай болно гээд эрүүл мэндэд үзүүлэх олон сөрөг талтай.


-Монголчуудыг давс битгий хэрэглэ гэсэн зөвлөмжүүд нэлээд харагддаг. Энэ зөв үү буруу юу?

-Манайхан туйлшраад битгий давс хэрэглэ гэдэг. Энэ бол маш буруу ойлголт. Учир нь, давс хэрэглэхгүй бол сахар дутна гэсэн үг. Яагаад гэвэл давсанд чихэрлэг байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд амталж байгаа амт, шингэж байгаа амт 2 өөр юм шүү. Халуун орны хүмүүс халуун ногоо иддэг нь үүнтэй холбоотой. Халуун ногоо аманд халуу оргих боловч шингэлтийн амт сэрүүн чанартай байдаг. Хүмүүс загасыг сэрүүн чанартай гэж эндүүрдэг. Гэтэл тэр амьтан хүйтэн далайд амьдардаг учраас маш халуун чанартай. Тийм учраас гадныхан төрсөн хүндээ загасны шөл уулгаж тэнхрүүлдэг.


-Бидний аяга тавагны хэмжээ улам л томорч нэмэгдэж байгаа. Хоолны хэмжээ, шимт чанар хоёрын аль нь чухал вэ?

-Хуучин цагт бид бага боловч шимтэй хоол иддэг байлаа. Арвайн гурил, хуурсан будаа, зутан, борцтой цай гээд. Гэтэл орчин үед энд тэндэхийн сурталчилгаанд хууртаад шимгүй хоолыг аяга аягаар идэж байна. Зарим ногоог том ургуулахын тулд хэт их бордчихдог. Энэ нь эргээд хор болж байна. Би аль болох биедээ таарсан бага боловч шимтэй хоол идэхийг зөвлөнө.


ӨВӨЛ ИДСЭН ХООЛНЫ ХОР ХАВАР БОЛОВСОРДОГ


-Хоорондоо зохицохгүй хор болдог идээ ундаа гэж бий юу. Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Аливаа өвс ургамал хоолонд таван махбодь, 17 эрдэм, 8 чадал гэж байдаг. Эрдэм чадлыг нарийн барьдаггүй юм аа гэхэд хоорондоо харшлах хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв үл зохицох идээг хольж хэрэглэвэл хордлогонд орно. Тухайлбал, загасны мах тахианы өндөг 2-ыг хамт хэрэглэвэл ходоодны өвчин тусах аюултай бас бүрэлдээгүй тарагны араас архи уувал гэдэс тасардаг. Түүнчлэн загасны махны араас сүү уувал гэдэс өвдөнө. Элдэв жимс идээд сүү уувал, царцуу боорцгийг тарагтай хольж идвэл ходоод мууддаг. Мөн зэс саванд шар тос хийж 10-аас илүү хонуулж байлгавал хортой. Эртний судар номонд үүнийг бичиж үлдээсэн байдаг. Харшилдаагүй хоол хүнс идвэл дархлаа өөрөө өөрийгөө сайжруулчихдаг.


-Цайлах арга ёс ч бас тун өөр байсан гэдэг. Энэ талаар сонирхуулбал?

-Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс байгаль дээрх 100 гаруй ургамлыг таньж цай болгон хэрэглэж ирсэн. Монголчууд таван махьбодидоо тааруулж 5 янзын цай хэрэглэдэг уламжлалтай. Орон нутгаасаа хамаараад хэрэглэх цай нь ч өөр өөр байдаг. Жишээ нь Дорноговийн хүнд халууны хор үүсэх тул загасгалтай цай уудаг. Харин баруун аймгийнх байлаа ч газар орны байрлалаасаа шалтгаалаад уух цай нь өөр өөр. 

Мах ялгаагүй адилхан. Өмнөговь аймаг халуун тул сэрүүн чанартай ямаа, тэмээний мах иддэг шүү дээ. Увс аймгийн их хүйтэн улиралд ус сайн гээд л уугаад байвал юу болох билээ. Ерөөсөө ард түмэн өөрсдөө тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон идээ ундаагаа сонгож хэрэглэдэг байжээ.


-Хавар ядарлаа гэж ярьдаг. Үүний шалтгааныг дурдвал?

-Хавар хүн салхиар ядардаг. Өвөл идсэн хоолны хор хавар боловсордог. Бас шар сүвний нүх нээгддэг учраас хүнс тэжээл авах хэрэгцээ нэмэгддэг. Багш маань хавар болохоор гаргадаггүй, зуны эхэн сар хүртэл зугаалуулах дургүй байлаа. Учир нь, салхиар өвчин бүхэн сэдэрдэг. Тиймээс дээр дурдсанчлан 6 улиралдаа тааруулж зөв хоолловол эрүүл амьдарна. Монголчууд од, нарны хөдөлгөөнтэй зохицож амьдарч хооллож ирсэн ард түмэн. Үүнийг зөрчсөнөөс болоод хүмүүс дархлаагаа унагаж байна. Ерөөсөө хүн аль ч улиралд эрүүл амьдарна гэдэг хоол ундаас гадна өөртөө тохирсон хөдөлгөөн, сэтгэл зөв байхтай холбоотой. 


-Эрүүл хооллолт гэдгийг холоос биш ахуйгаасаа хайх хэрэгтэй байх нь ээ?

-Монголчууд зэрлэг мал адгуусыг гаршуулж эхэлсэн үеэс тэжээхүйн ухаан эхлэлтэй. Харамсалтай нь, бид энэ том соёлоо мартчихсан. Нас насаараа идэх хоол нь тусдаа байсныг бас л орхигдуулсан.

Мал гэхэд өөрөө тааруулаад хоол хүнсээ хэрэглэдэг. Үнэг гэхэд өвөлжин оготно, хорхой идэхээр гэдсэнд нь стресс үүсдэг учраас хавар валерины үндэс олж иднэ. Буга жилдээ нэг удаа мараанд гардаг. Жилдээ нэг удаа сүргээрээ хужир иддэг гэсэн үг. Ингэж байж ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Чоно хүртэл 6 дугаар сард цэцэг идэж гэдсээ цэвэрлэдэг. Гэтэл хүн өнөөдөр энэ амьтан адгуусаас долоон дор болчихоод юу таарсанаа идэж уугаад байна. Энэ нь хоол ундаа, амьдралын зөв зохицуулалт алдагдчихсантай холбоотой. Уг нь эрт дээр үед мэддэг байсан. Жишээлбэл, дайн тулаанд явахын өмнө эр зоригтой болохын тулд монгол эрчүүд хайнагийн зүрх иддэг байсан тухай тэмдэглэж үлдээжээ.


-Таван цулын мах ямар тустай юм бэ?

-Нарийн ярьвал монголчууд хонины сүүлэн дотор 5 цул хийж дээр нь тан хийж боож иддэг боодог гэж бий. Энэ бол насаа уртасгах шимжүүлэх жор. Таван цулыг гүзээнд, уушгинд, нарийн гэдсэнд хийдэг жор бий. Хонины зүрх хүний зүрхэнд, элэг элгэнд сайн гэдгийг монголчууд хэдэн мянган жилийн өмнөөс мэддэг байсан хэрэг. Ингэж хоол ундаараа эрүүлждэг жортой байсан нь даанч мартагдсаар байна. Аль нутгийн хүн байна, тэр нутгийнх нь юм таардаг. Гэтэл хаа холын Австралиас, гадаадаас мах авчирч сайн гэж идэж байгаа нь бизнесийн нэг хэлбэр юм.


ШАР ТОС ЗАЛУУ БАЙЛГАЖ ДАРХЛААГ САЙЖРУУЛДАГ


-Малчид шар тос үнэгүйдлээ,хэрэглээ нь багаслаа гэж ярьдаг. Ер нь шар тос ямар эрдэм тустай вэ?

-Монгол архи, шар тос, хонины мах бол насыг уртасгаж шимжүүлдэг идээ ундаанд орно. Шимжүүлнэ гэдэг нь залуу байлгаж дархлааг сайжруулж байгаа хэрэг. Шар тос бүх өвчин хийг арилгана, нойрыг сайжруулна, ухаан санаа өнгө зүсийг нэмж, бүх сүв, судас шөрмөсийг нээж өгдөг эрдэмтэй.Тийм хэрэгтэй зүйлээ бид тоохгүй хэрэглэхгүй хэрнээ хүний биед хортой маргарин хэрэглэсээр л. Гэтэл хөгжсөн орнууд манай энэ үнэт зүйлийг ойлгож судлаад эхэлчихлээ.

Үүнийг мэддэг учраас манай эмнэлгийн шар тосоор хийдэг Басам гэдэг эм дэлхийд нэрд гарч байна. Шар тосонд хайрсан хуушуурыг өвгөн настай хүмүүст өгдөг. Энэ нь тухайн хүнийг шимжүүлж насыг нь уртасгаж байгаа хэрэг. Лам нар гэхэд өдөр болгон шар тостой бэрээс иддэг. Царай нь ямар сайхан өнгөтэй билээ дээ. Бас тэдний дунд тархинд цус харвасан лам нэг ч байдаггүйг харахад ямар сайн нөлөөтэй нь харагддаг. Гэхдээ сайн гээд хэтрүүлж хэрэглэвэл муу. Ялангуяа цөсний халуунтай хүн элэг цөсний өвчтэй хүн сайн гэж хэтрүүлэн хэрэглэж таарахгүй.

Шар тос дотроо бас ялгаатай. Зуны эхэн сарын, намрын, 2-3 жил хадгалсан, сарлагийн тос, хайнагийн шар тос бүгд өөр өөр эрдэм чадалтай. Өдөр тутамдаа жирийн л тос хэрэглэхэд болно.


-Шөлтэй хоол монгол хүний биед ямар ач холбогдолтой вэ?

-Шөл өөрөө шимжүүлэх буюу хүнийг шим тэжээлээр хангаж дархлааг сайжруулж насыг уртасгадаг хоол. Хурдан шингэдэг учраас хүний бодисын солилцоог сайжруулдаг. Тэр дундаа хонины шөл. Уламжлалт аргаар бол ямар ч ядарч сульдсан хүнд шим тэжээл өгдөг. Гэхдээ 2 дугаар хоолыг үгүйсгэж байгаа юм биш. Гол нь дандаа идвэл цөсний өвчин үүсгэдэг талтай. Ер нь аливаа зүйлийг туйлширч хэрэглэж болохгүй. Хоолыг идэхээ хамгийн гол нь сайн зажилж шүлсээ ялгаруулж идвэл ходоодонд байдаг язлагч бадгана хөөсөрч ирдэг. Тэр хөөс нь хоолны шингэцийг хурдан болгодог сайн талтай. Хоолоо буруу идсэнээс болж зүрх судасны систем судас гэмтдэг учраас дахин хэлээд байгаа юм. 


-Хүн өөрийгөө ямар махбодьтой гэдгээ яаж мэдэх вэ?

-Бүдүүн лагс хүн бол бадгана, эцэнхий туранхай хүн бол хий, шар царайтай махлагдуу хүн бол шарын араншиндаа багтана. Орчин цагийн анагаах ухаанд 4 темпераментийг монголчууд аль хэдийнэ тодорхойлчихсон хэрэг.


-Асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол рашаан ус. Ер нь рашаан усанд хэдийд орвол илүү тохиромжтой вэ?

-Монголчууд 4 улиралдаа таарсан ус ууж хэрэглэдэг нь учиртай. Сүүлийн үед улирал харгалзахгүй рашаанд орж байгаа нь маш буруу. Учир нь, нар буцсаны дараа ус ногооны хор арилдаг. Тиймээс намрын дунд сарын 17-ноос хойш ус рашаанд ордог байжээ. Гэтэл манайхан хавар дөнгөж хүний шар сүв нээгдэж байхад аав ээжийгээ рашаан сувилал явуулж, бариа хийлгэж, шилмүүс ваннд оруулж, зүү тавиулчих юм. Рашаан уух тухайд гэвэл сахарын рашаан сайн 40-ийн бидон, хуванцар саваар авчраад уулгаж өвчин бүхнийг нь хөдөлгөдөг. Ном ёсоороо бол газар дээр нь ууж байж л үйлчилж үр дүнгээ өгдөг номтой. Учир нь, өөр саванд хийснээр байгалийн амин чанараа алдчихаж байгаа юм.


-Та өнөөдөр гарч байгаа бүх өвчлөлийг хоол ундтай холбон тайлбарлалаа. Үүний цаад шалтгаан юу вэ?

-Би үүнийг 100 хувь хоол ундтай холбон тайлбарлана. Нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь өөрөө уршигтай. Учир нь, хэт шимтэй хоол, ямар ч шимгүй хоол хүнийг өвчлүүлдэг. Тэгэхээр өөрийнхөө амьдарч байгаа газрынхаа цаг агаарт тохируулж идээ ундаа явдал мөр, хоол хувцас, амьдралынхаа хэв маягийг л авч явах юм л чухал.


-Та бол олон эрдэмтэй багш нарын номыг үзсэн. Эргээд харахад хоол хүнсэндээ ямар зүйлийг голлож баримталдаг байсан бэ?

- Эд хүртэл амин чанартай. Ургамал хүртэл эстэй. Энэ бүхнийг хайрлаж хамгаалж хандах чухал. Харин барж ядсан, шуналын сэтгэлээр хандах хамгийн буруу. Өвөө маань хоолоо идээд аягаа заавал долоодог байсан. Хоол шингээгүй бол хэзээ ч дараагийн хоолоо идэхгүй. Хүүхэд байхад ч хоолоо тоолж хуваагаад иднэ. Өөрийн хувиа л идэхээс биш нэмнэ гэж зүтгэхгүй. Одоо бол химийн найрлагатай бүтээгдэхүүн хэт их хэрэглэж байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл